Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

“Даланзадгадын Дулааны Цахилгаан Станцын” Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны танилцуулга

2019-05-23 2851 IT

Манай ҮЭ-ийн Хороо нь анх 1966 онд үүсэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 50 гаруй жилийн түүхэн замналтай ууган хороодын нэг билээ. Анхны хорооны дарга- цахилгаан борлуулалтын байцаагч С.Дашдооров хэмээх  манай ахмад ажилтан байжээ.

 Энэхүү түүхэн урт хугацаанд Өмнөговь аймаг орны хүн ам, хөгжил дэвшил өсөн нэмэгдэхийн зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүчний салбарт өөрчлөлт орсноор  манай ҮЭ-ийн гишүүдийн бүтэц зохион байгуулалт мөн цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж,үе үеийн  хороодын даргаар Энхцэцэг, Н.Намхайнар,С.Эрхэмбаатар нар ажиллаж байлаа.

 ҮЭ-ийн Хороо нь Монгол улсын хөдөлмөрийн хууль, тогтоомж, МҮЭХ-ны дүрэм, журмын хүрээнд  бодлого зарчим, үйл ажиллагаагаа удирдан чиглүүлж,ажилчин ангийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрх ашгийг тууштай хамгаалан ажиллаж байдаг нь өнөөг хүртэл баттай оршин тогтнохын үндэс суурь болдог юм.

МҮЭХ-ны дүрмийн хүрээнд аймаг салбарын хороодуудтай  гишүүнчлэлээр элсэн хамтран ажиллаж, заавар зөвлөгөөг авч, хурал цуглаан, сургалт зэрэг үйл ажиллагаанд тогтмол оролцож ажилладаг.

 Одоо манай “Даланзадгадын ДЦС”-ын АҮЭХ-нь  156 гишүүдтэй ба үүнээс эмэгтэйчүүд 46  залуучууд 40 гаруй хувийг эзэлдэг.

Үйл ажиллагааны хувьд Өмнөговь аймгийн төвийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр, сумдыг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. Диваа овогтой Цэнгэл нь төгссөн мэргэжлийнхээ дагуу 1987 оноос эхлэн эрчим хүчний салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүнээр 13 жил,орон тооны ҮЭХ-ны  даргын сонгуульт ажлыг 2012 оноос хойш  хийж гүйцэтгэж байна. Тэргүүлэгч гишүүдээр эрчим хүчний салбарт он удаан жил ажиллаж буй  Л.Нэргүйренчин, Г.Отгонжаргал, С.Ариунцэцэг нар сонгогдон ажиллаж байна.

Бид гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, байгууллагын захиргаатай жил бүр хамтын гэрээг байгуулж, гэрээний биелэлтийг тогтмол дүгнэн,байнга хэрэгжүүлэн ажилласнаар ажилчдын нийгмийн асуудлууд бүрэн шийдэгдэж, ажлын байрны нөхцөл сайжран, ажиллах урам зориг, эрч хүч болдог.

ҮЭХ-нь гишүүн бүртэй тулж ажиллан тэдний амьдрал, бодол санаа, ажлын онцлог, цалин хөлс, нийгмийн бусад асуудлуудыг судлан хамтран ярилцаж, цаг тухай бүрт шийдэж ажилладаг.

Байгууллагын захиргаатай хамтран санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ажлын байрыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх,эрүүл мэндэд нь анхаарах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт, урлагийн арга хэмжээ, сургалт зохион байгуулах  зэрэг бүхий л ажилд хамтран ажиллаж  байх нь бидний ажлын гол зорилго байдаг бөгөөд энэхүү зорилгоо биелүүлэн, жилээс жилд сайжруулахын төлөө ажиллаж байдаг юм.

Мөн МҮЭХ, Өмнөговь аймгийн ҮЭХ, МЭХГУУҮЭХ, бусад холбоодтой харилцан, туршлага судлан өөрийн арга ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг нь бидэнд ихээхэн тус болдог билээ.

 Бидний цаашдын зорилго: Ажилчин ангийн хөдөлмөрлөх эрхийг хуулийн хүрээнд тууштай сахин хамгаалах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, ажлын байрны нөхцлийг тогтмол сайжруулах,сургах, нийгмийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдэх, шийдүүлэх, цалин хөлсийг тодорхой үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх, хорооны санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.