Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Монгол улсын хууль

Эрчим хүчний тухай

2019-05-23 133 IT

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ  

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль тогтоомж

2.1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.5.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.2.“эрчим хүчний нөөц” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг;

3.1.3.“түлш” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг;

3.1.4.“эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;

3.1.5.“нэгдсэн сүлжээ” гэж цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний нэгдлийг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.6.”нэгдсэн сүлжээний дүрэм” гэж нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.7.“цахилгаан дамжуулах сүлжээ” гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станцыг;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.8.“цахилгаан түгээх сүлжээ” гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош шугам, дэд станцыг;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.9.“эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;

3.1.10.“эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг;

3.1.11.“төвлөрсөн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг;

3.1.12.“төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм” гэж төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.13.“дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;

3.1.14.“дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;

3.1.15.“халаалтын улирал“ гэж барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон хугацааг;

3.1.16.“эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.17.”эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;

3.1.18.“эрчим хүчний зохицуулалтгүй хангалт” гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;

3.1.19.“хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.20.“хэрэглэгчийн зэрэглэл” гэж эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;

3.1.21.“аж ахуйн харилцааны дүрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.22.“тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.23.“цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;

3.1.24.“цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг;

3.1.25.“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг;

3.1.26.“диспетчерийн зохицуулалт” гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг;

3.1.27.“индексжүүлэлт” гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг;

3.1.28.“аюулгүйн нөөц” гэж гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг сулруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай нөөцлөх түлш, шатах тослох материал, тоног төхөөрөмж, бэлтгэл чадлыг;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.29.“хэрэглэгчийн ангилал” гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилахыг.

3.1.30.“хийн хангамжийн дүрэм” гэж метан хийн хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн хяналтын нэгдсэн зохицуулалт, техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.31.“хийн хангамжийн сүлжээ” гэж метан хийг боловсруулах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дамжуулах, түгээх шугам, тоног төхөөрөмж бүхий төлөвлөлт, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.32.“магадлал” гэж эрчим хүчний барилга байгууламж, түүнд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, техник, технологи, нэгдсэн төсөв нь норм, дүрэм, стандартын шаардлага хангасан талаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.33.“бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” гэж эрчим хүч экспортлох, эсхүл гэрээний хугацаанд хэлцлийн үнээр эрчим хүч нийлүүлэх хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай эрчим хүч үйлдвэрлэгчийг;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.34.“эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/